Инноваци гэж юу вэ?
Инноваци гэдэг үгийн гарал үүслийг авч үзвэл “in nova” буюу шинээр сэдэх, санаачлах гэсэн утгатай латин үг юм. Одоо хэрэглэгдэж байгаа дээрх үгийн утга нэлээдгүй өргөн хүрээг хамаарана.
19-р зууны дундуур ялангуяа Германы соёл судлаачдын бүтээлүүдэд “инноваци” хэмээх ойлголт анх орж ирсэн. Анхандаа нэгээхэн соёлын зарим нэг элементийг нөгөө талын соёлд нэвтрүүлэх утга санааг илэрхийлдэг байжээ. Голчлон тухайн үедээ Европ маягийн ахуй амьдрал, үйлдвэрлэлийг зохион байгуулах аргыг Ази, Африкийн нийгэмд нэвтрүүлэх тухай яригддаг байж. 20-р зууны эхээр австрийн эрдэмтэн Й.Шумпетер, Оросын эрдэмтэн Н.Кондратьев нар “эдийн засгийн хөгжилд шинэчлэл, өөрчлөлт оруулах замаар хямралыг даван туулах хэрэгсэл...” гэсэн утгаар ашигласан нь үндсэн утгаа одоо хир нь алдаагүй л байгаа. Анхдагч судлаачид:
- Шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх,
- Үйлдвэрлэлийн шинэ арга замыг эзэмших,
- Шинэ зах зээл нээх,
- Шинэ түүхий эд гарган авах,
- Үйлдвэрлэлийн салбаруудыг зохион байгуулах гэсэн төрлүүдээр ангилан авч үзжээ. Энэ ойлголт хожим шинжлэх ухаан, технологийн салбарт мөн үйлдвэрлэл, үйлчилгээний талбарт ч мөн ялгаагүй хэрэглэгдэх болсон билээ. Орчин үед “Инноваци” /innovation/ гэсэн ойлголт ерөнхий утгаараа “шинэчлэх” гэсэн утга санааг илэрхийлж байна. Инноваци нь товчоор томъёолбол ямар нэгэн бүтээлч санаанаас бодит мэдлэгийг бий болгох, түүнийгээ үйлдвэрлэл үйлчилгээнд хэрэглэгдэх, өрсөлдөх чадвар бүхий шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээ, шинэ арга зүй, менежмент болгох үйл ажиллагаа гэж ойлгож болно.
Инновацийг хэмжих үндсэн шинжүүд /шалгуурууд/ нь:
- Шинжлэх ухаан, технологийн хувьд шинэлэг,
- Практикт хэрэгжихүйц,
- Зах зээлд арилжаалагдах шинжтэй байх. Энэ бүх чанараараа хэрэглэгчдийн тодорхой эрэлт хэрэгцээг хангаж байж чадахуйц байх явдал юм.
Өөрөөр хэлбэл шинэ бүтээгдэхүүн, эсвэл шинэ процесст шингэж бүтээгдсэн шинэлэг санаа л “инноваци” болж байна.
Инновацийг бүтээлч шинэ санаа, шинэчлэл гэсэн ойлголтуудтай хольж ойлгох хандлага элбэг байдаг. Ялгааг нь авч үзвэл:
- Бүтээлч шинэ санаа /creativity/ - Энэ нь шинэ санаа, сэдэл, төсөөллийг бий болгохыг хэлнэ. Нээлт, зохион бүтээлт, патент, бүтээгдэхүүний тэмдэг, шинэ санаагаа саналын хэлбэрээр илэрхийлэх, шинэ юмуу боловсронгуй болгосон бүтээгдэхүүн, ноу хау, стандарт, зөвлөгөө, аргачлалын хэлбэрээр, зах зээлийн судалгааны үр дүнгийн хэлбэрээр тус тус илэрдэг. Мөн шинэ санаа, зүйлийг өөрийнхөө хэрэгцээг хангах, худалдах зорилгоор бүтээдэг.
- Инноваци - Шинэ сэдлээ бодит бүтээгдэхүүн, үйлчилгээ болгох явц нь юм. Шинэ зүйл хийхийн тулд маркетингийн судалгаа, эрдэм шинжилгээ, туршилт зохион бүтээх ажил явуулж, үйлдвэрлэлийн зохион байгуулалт- технологийн бэлтгэл ханган үр дүнг тодорхойлдог. Ингэсний дараа обьектыг өөрчлөн шинэчлэх, тодорхой үр дүн гаргах зорилгоор шинэ зүйлийг нэвтрүүлсний эцсийн үр дүн нь инноваци байна.
- Шинэчлэл /reform/ - Макро түвшний өргөн хүрээг хамарсан өөрчлөлт шинэчлэлтийг хэлнэ.
- Инноваци - микро түвшинд өрнөж буй шинэчлэлүүдийн тухай ойлголт юм
Инноваци гэж юу вэ?
Reviewed by Б.Бат-Эрдэнэ
on
3/06/2018
Rating:
No comments: